2012/11/18

Их хөлгөн судруудын тайлалын хэсгээс


Дээдийн дээд буурлууд, онгон шүтээнүүддээ талархан мөргөе. Гийгүүлсэн гавъяагүй, эгэл нэгэн хүмүүн намайг сонгож их хөлгөн судруудыг энэ л оюун бодол, ам хэлээр минь дамжуулан түмэнд түгээж байгаа билээ. Балчирхан улаач надад маш ховор аз тохиож энэ хорвоо дээр хүн болж төрсний минь гавьяа ч байж болох тийм их үйлийг хийлцэх хувьтай байжээ гэж баярлаж явдаг билээ. За ингээд судрын гол хэсгүүдийн тухай өөрийн мулгуу ухаандаа ойлгосноор энд өгүүлдэг юм билүү гэж бодлоо.
Эрт мангадайн цагт анхны амь үүссэн гэх тэр газар судрын түүх эхэлдэг. Хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш хүмүүн нь олон зовлонг туулж зовлон бүрийн шалтгааныг олж, анхлан нэгдэн нийлж, гал бүлүүд нь отог бүлүүд болсон тэр л цагт анхны төр үүсжээ.
Анхны отог бий болоход нэгэн хүмүүн нь Мөнх цаст өндөр ууланд гарч гэгээрлийг олон, анхны бөө үүссэн түүхтэй. Тэр бөө өндөр уулнаасаа бууж 9 отгийн тэргүүн нарт гэгээрлийг зааж 9 эрдмийг 9 зүгт нь түгээжээ. Анхны гэгээрлийг түгээсэн 9 отог 9 эрдмийн судрыг тайлан гаргаж, хад чулуун дээр сийлэн үлдээж, тасалсан гал нэгдсэн отог бүрт эрдмийн их судруудыг түгээж явсан гэдэг.
Тэр 9 отог 99 отог болон задарч, эрдэм чадал бүрдсэн 99 отог үүсэх үед бүх л шид нь дэлгэрэн гарч буган бичгийн соёлоороо хад чулуун дээр сийлэн үлдээж байжээ. Отог бүр өөрийн таних тамгатай, тамга бүр 9 эрдэмд хүрэх 99 аргат түлхүүр байсан бөгөөд тэр түлхүүр бүр өөрийн гэсэн нэртэй, нэр бүр өөрийн гэсэн шидэт дуудлага болж тамгалсан газар бүр өөрийн шидийг үзүүлдэг байх арга ухааныг олсон юм.
99 аргат отог маань цааш задран 999 отог бүрдсэн тэр л цагт эрдэм мэдлэгийг эгэл хэмээн үзэж, шидийн аргад шамдаж, ид шидээ гайхуулах хүсэл анхлан төрж эхэлсэн байдаг. Шидэнд шүтэгсдийн тамгын эрхийг эзэмшихийг хүссэн хүсэл, атаа жөтөө нь олон отгийг хооронд нь тэмцэлдүүлэн хагаралдуулж эхэлсэн бөгөөд тэдний тэмцэл сүүлдээ удам угсаагаар нь хараах үйлдэл болж хувирсан байна. Хараал жатга хэрээс хэтэрсэн тул Тэнгэр эцэг шидийн тамгуудыг бүгдийг хурааж Их Улсын тэргүүнд бөө нарыг дарахыг даалгасан байна.
Одоо хүртэл удмын хараалтай маш олон үрс амьдарсаар байгаа бөгөөд тэдний мэлмий сонор нь хаалттай, амьдрал ахуй нь өөдлөхгүй, архи дарсанд шунаж, эмс нь садарлаж, улс нь доройтож эхэлсэн. Энэ бүх хараалын үр уршиг нь хурцадсаар өнөө цагт их хар ертөнц бий болсон байна.
Тэнгэр эцэг үрсээ харан хайрлаж дахин ивээлээ илгээхийг хүсэж их хар ертөнцийг дарахаар өөрийн ивээлт хүүгээ илгээсэн байна. Илгээсэн үр нь урьдын цөвүүн цагийг түвшитгэж дийлсэн их түүхийн Эзэн Чингис Хаан байсан юм. Эзэн Чингис Хаан маань энэ дэлхийдээ эргэн заларч Их Хар Ертөнцийг задаар дарахаар ирсэн бөгөөд Түмэн онгодын чуулганаар бүхий л хараалыг тайлж гэгээрлийн их ертөнцийг дахин байгуулах болно.

Их хар ертөнц гэдэг нь өнөө цагт гэгээрэлгүй мулгуу үрсүүд хаа сайгүй их болж хүний сэтгэл үгүй болж байгааг хэлээд байгаа юм. Удмын хараалтай үрсүүдэд нь хараал үйлчилж эхлэх тэр л цагаас эхлээд эрчүүд нь архинд орж зан авир нь өөрчлөгдөж араатан мэт болдог. Эмэгтэйчүүд нь авир ааш нь эвдэрч хань ижилгүй болох, үрийн зулай үнэрлэхгүй байх, элдэв өвчин хуучид ороогдох, удам дамжсан өвчинд дарлагдах асуудлууд үүсдэг билээ.
Хэдийгээр хараалыг тайлсан ч хүн өөрөө гэгээрэхгүй бол амьдрал нь өөдлөхгүй өнөөх л төрсөн цагаасаа хараалтай байсан авир аашаасаа салж чаддаггүй. Энэ нь тухайн хүний сүнсэнд хараал нөлөөлж өөрийнх нь төрөлх занг дарсантай холбоотой гэж хэлж болох болов уу. Тиймээс хараал жатгыг нь тайлсаны дараа хүн өөрөө гэгээрэл рүү тэмүүлж мэдвэл зохихуй буюу Алтан Гэрээний нууцыг тайлж чадвал тэр хүн жинхэнэ Хөх Монгол Иргүн болох учиртай билээ.
2012 оны 12 сарын 21-нд Тэнгэр Дээдсүүд, Эрлэгийн их ертөнцөөс 9 өрлөг залрах бөгөөд тэд бүгд бүх хараал жатгыг тайлж жижиг гэлтгүй хаман одох маш том үйлийг гүйцэтгэх учиртай. Үүнийг л Их хар ертөнцийг задаар тайлна гэж байгаа болов уу гэж ойлгов. 9 цагаан тугийн эзэд 9 судраа залаад энх тунх цагийг авчрах, хүн бүрийн сэтгэлд гал асаах гэгээлэг сэтгэлийн үрийг тарих бөөлөө хийх болно. Хэрэв тэр өдөр та галын хажууд байсан бол, шүдэнз ч болтугай асаасан бол зүрхэнд тань гэгээрлийн гал асах болно.
Мөн тэр өдрийн бөөлөөнд өөрийн биеэр ирээд 1000 улаачын галд цучил нэмбэл 99 тэнгэрийн ивээлд багтах бөгөөд өөрийн удамдаа байгуулсан хамгийн том буян тань байх бөгөөд хойч үе тань 99 тэнгэрийн ивээлд 1000 жилдээ багтах учиртай.
Чуулганы гайхалтай үйлүүд үүгээр дуусахгүй...
Эх дэлхий маань яг л хүн шиг амьтай бөгөөд эх дэлхийг маань хэн хэрхэн тэжээдэг вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Тэгвэл 1000 жилдээ нэг удаа эх дэлхийн амин эрчмийг сэргээж Хөх толботой үрс бөөлдөг. Хүн 5 эрчим эхээр эрчимнэж байж Хөх толбоо сэргээдэгтэй яг адил зүйл болох юм. Тэр өдөр наран, саран, сүүн эрчим нэгдэж эх дэлхийн амин эрчмийг тэтгэх учиртай. Үлдсэн 2 эрчим нь хар цагааны дэнс байх тул энэ нь эх дэлхий дээр амьдарч байгаа хүн төрөлхтөний үйл юм. Хар цагааны дэнс нь тэнгэрийн шүүлэг байх бөгөөд шүүлэг нь энэ он гарсаар эхэлсэн. Дуусах хугацаа нь 12 сарын 21 байх болов уу.
Энэ өдрөөс хойш шинэ эрин эхэлж. хүн төрөлхтөн гэгээрэлд тэмүүлэн амьдарна гэж ойлгосон. Хүн зүгээр л шууд гэгээнтэн болчихгүй бид 9 судрыг дэлхийд таниулж чадвал Хөх Монгол дахин мандаж дэлхийг гэгээрлээр тэргүүлэх Улс болох учиртай.
Дээдсүүд заларсан гол шалтгаан нь судрыг бидний хэлээр ойлгуулж үрсдээ дамжуулан үнэн мөнийг нь таниулах, эх дэлхийн амин эхийг сэргээх, Их хар ертөнцийг дарах, Хөх толбот үрсийг тэнгэр заяатай төрсөн гэдгийг дахин сануулах, тэнгэр заяатай үрсийг хийх үйлэнд нь шамдуулах гэж бууж байгаа билээ... 
Хөх толботой үрс нь дээд тэнгэрийн зарлигаар эх дэлхийн хүйг хамгаалахаар тамгалагдсан байдаг бөгөөд эх дэлхийн хүн зон гарах гарцгүй болох тэр цагт үйлээ хийж дэлхий ээжээ болон хүн төрөлхтөнийг авардаг жамтай тухай сударт өгүүлдэг билээ.
Ийм л их чухал үйл болох гээд Дээдсүүд ч их үйлтэй, онгодууд ч чөлөө завгүй гүйлдэж үрсээ замбынх нь үйлнээс салгаад ч болтугай зүтгүүлж байгаа билээ. Аянгат удган /Дээдэс/ хүртэл нөхөр хүүхдүүддээ анхаарал тавих завгүй ажиллаж байгаа бөгөөд молхи миний бие ажлын ачаалал даах чадваргүй гэсэн оноштой, Дээдсийн хөлд нь чирэгдэх дөхөөд л үйлээ хийж байна даа...

1 сэтгэгдэлтэй:

Unknown said...

Hehe bodood baisan yumniihaa 50 huviig barag oilgoloo bayrlalaa tand. Bi ooroo boo esvel udgan bish l dee engiin l neg hun. Enehuu chuulgand oroltsoj boloh uguig neg ahaasaa asuuj baij medej avsan yum, mandat iig ni zahichihsan mgl doo baihgui bga bolohoor ingelee ... Ochij uzehiig uneheer ii husej bna

Post a Comment