2013/06/13

Алтан гурвалжин ГэрИэ "Үлгэр"

Түүхэн

Эх дэлхийн үүсэл юмсан
Эрэн цагийн эхлэл үедээ
Эргэх орчлон үрээ илгээж
Эжий цагаан сүүн хурав
Хий, Тоос, Чийг гурав бүрдэв
Арга, Билэг, Амин гурав залрав
Ав, Эв, Ов гурав бүрдэв
Суу, Заль, Хөдөлгөөн гурав биежив
Эргэх нэгэн дэлхий үүсэв
Эргэлдэх нэгэн орчлон чилэв
Эцэг тэнгэр нь ивээлээ хайрлав
Эрдэний үрсээ сургаж эхлэв
Алтан хэлхээн нууц
Хий тоос чийг гурваас эх дэлхий бүрдэв
Хамаг сайхан нь бүрдсэн оюу эрдэнэ мэт
Хайр бүхэн дэлгэрсэн сүүн эрдэнэ
Хайхамшиг бүхэн бүрдсэн чандмана эрдэнэ
Үүнийг харсан тэнгэрийн хоёр хүчит луу
Үрсээ үлдээж өнөд оршихыг хүсэв гэнэ
Өөрийн хүслийг өргөн
Өрөөлийн хүслийг хясана
Галт улаан луу нь галтай үрсээ өсгөн
Хөх усан луу нь шаламгай үрсээ төрүүлэв
Эх дэлхий маань балчирдаж
Гал луу, Хөх усан луу тэмцэж эхлэв
Гал бүрээр тургиж гайхам бүрийг үнс болгов
Хөх усан луу тэмцэж хөрстэй бүрийг усаар бүрхэв
Эх дэлхий шаналж эхлэв
Гоо үзэмж нь гундаж эхлэв
Тэнгэр эцэг заларч ирэв
Тэмцэлдэх бүхнийг  шүүж буув
Эх дэлхийг хайрлаж өрөвдөв
Энхрий үрсээ жаяглаж эхлэв
Галтай бүр хүслээ хэлэв
Хөх бүхэн хүслээ илгээв
Эх дэлхий шаналж байна
Эрин цаг нь гундаж байна.
Хүчит хоёр лууны хүсэл бүхэн зөв авч
Хүрэх ирээдүй нь буруу байв
Хүсэл бүрийг жаягаар хазаарлаж
Хүчээр бус эвээр засгалахыг сануулав
Тэнгэр эцэг хүслийг хориж
Тэнхээт үрсээ жаяганд нь оруулахаар
Алтан гурвалжин гэрээг байгуулав
Ав адилхан эрхийг олгов.
Хар бүхнийг өдөөсөн
Хамаг бүгдийг эвдсэн
Гоо бүрийг гутаасан
Хоёр хүсэлт луу үрсэд
Алдсан алдаагаа засаж
Дэлхий ээжийг сэргээж
Хүсэл бүрийг дараж явах
Хатуу хуулийг цаазлан буулгав

Үрсээ үлдээж өнө мөнхөд оршихын тулд
Тэнгэр эцгийн буулгасан
Хатуу цаазанд захирагдав
Хөрст дэлхий эжийгээ хамгаалагч
Хүчит үрсүүд болон
Хүний орчлонг дахин сэргээж
Хүн төрөлхтөнийг шүүх болов

Энэ цагаас нь хойш
Эх дэлхий маань амар амгалан болов
Эрин цаг нь тоологдож
Энхрий үрс нь бойжиж эхлэв гэнэ

Галт улаан луу нь хөрсөн доороо шургаж
Хөрст дэлхий доороо халуун тамыг бүрээв
Хөх усан луу нь хөрсөн дээрээ хөвж
Хөрс дэлхийн хойд урд  талд нь хүйтэн тамаа бүрээв

Хорвоо дэлхий дээрээ амин оршихуйг бүтээж
Хөрс шороо шим бүрээр махан биеийг бүрээв
Орчлонгийн үнэнийг тайлж хүмүүний биеийг бүтээв
Хүсэл бүрээ тайлж хүслийн зүйг бүтээв

Махан биетэй, амин оршихуйтай, хүслийн зүйтэй хүн бүрдэв
Бүрдсэн хүн маань хүслээрээ аашилахыг зорив
Гоо бүрийг хараад өөрийн байлгахын хүсэв
Газар шороон ганцаар эзгэнэхийг шунав.

Гай таригч мангдай нар болов
Шунал хүслээр биесээ хөнөөв
Шудрага мэт сэтгэж өөрсдийн жаягыг тогтоов
Шунахайн хүслийг дагаж Боулхай нар болов

Дэлхий ээжээ хайрлан энэрэхээ умартав
Хайр бүрийг хөгийн мэт сэтгэж
Гоо бүрийн эзэн нь сууж
Гурвалжин гэрээг үгүйсгэн мунхарав.

Тэнгэр эцэг эргэх цаг нь ирэв гэнэ
Тэнхээт үрс алдаагаа засахаар шийдэв гэнэ
Гал халуун бүрээр түлж шатааж цэвэрлэв
Хар санаа бүрийг усаар угааж цэвэрлэв
Дэлхий эжий харин хөрсөө шилгээв гэнэ.
Галав юүлсэн шалтгаан нь гай таригч хижээс үүдэлтэй билээ
Өөрсдийн үрсийг мулгуу сэтгэхүйг цэвэрлэж
Дэлхий эжийн сүүн эрчимээс үрсдээ хүртээж
Хүчит хоёр луу дахин махан биеийг бүтээв гэнэ
Махан биет амьтай бүрийг хайрлан захирах эрхийг өгөв гэнэ

Дахин эргэсэн үрс нь хайр гэгчийг таниж эхэлсэн ч
Хүсэл бүр нь хэвээр байв
Гоо бүрийг хайрлах авч
Эзэрхэх сэтгэл нь арилаагүй байв.

Гоо бүхэн нь шуналыг өдөөв
Гоог хайрлах сэтгэл нь бусдыг хөнөөв
Эзэрхэх хүсэл нь хар дайныг өдөөв
Эзэн суух эрх нь атааг өдөөв

Дахин бүтээсэн үрс нь мулгуу байв
Дахин шинээр үрсийг бүтээхээр товлов
Дэлхий ээж хөрсөө шилгээв
Галт луу галаар тургив
Хөх усан луу хөрсийг угааж цэвэрлэв

Ингэж явсаар долоон  удаа галав юүлэв
Оюун ухаан төгс махан биетнийг бүтээхээр
Орчлон хорвоогоор ухааныг хайв
Олж мэдсэнээ тархинд нь шингээв

Долоо дахь удаадаа оюун ухаан ухамсар төгс
Хайр энэрэл сэтгэл дүүрэн
Алтан гурвалжин гэрээг
Алдхан биенийх нь оройд нь залав

Босоо голчтой тархи оюунтай
Цэгц сэтгэхүйтэй  жаягыг мөрлөгч
Тэнгэр өөдөө тэмүүлэх хүслийн зүйт
Махан биеийг бүтээж эхлэв гэнэ.

Махан биеийг бүтээх дээ
Оройн дээд гэриэг тархинд залсан тул
Тархийг орой дээр нь байрлуулав гэнэ.
Олсон амжилтаа хайраар дүргэж
Ерөөл дүүрэн хэл, аялгууг бүтээв гэнэ
Сүүн эсийг сэрээхийн тулд
Цэгц нурууг бүтээв гэнэ
Хоёр хөл нь болбоос эрлэг лусын
Хоёр сүнс биед буйг сануулав гэнэ
Хоёр гар нь болбоос эрлэг лусын
Хоёр үйлийг мөрлөж явахыг сануулсан гэнэ


Ийм бяцхан үрсийг бүтээх гэж
Энд тэндгүй ухааныг эрж хайснаар
Хүчит хоёр луу нь тоонот тархийг олж
Хорвоо дэлхийн хоёр багана болжээ
Сүүн эст махан биетний дэнс нь болж
Жаяг журмаар захирагч эрлэг болсон түүхтэй


Хөрстийн махан биетний учир нь

Хүчит хоёр лууны олсон амжилт алдсан алдаа бүр нь
Сүүн эст махан биет босоо голчит оюун тархитанд
Өвгөдийн олсон амжилт болон тархинд нь суув гэнэ
Алдсан алдаагаа засах учиртай болох нь
Оул биет сүнсний жам болон хувирав гэнэ
Тэнгэр эцэг эргэх цаг бүрд нь
Тэнхээт үрсүүд нь ухаан сууж буйг танив гэнэ
Оул биетний хүслийн зүй нь өөдөө уруугаа буйг бас танив
Дахин галав юүлхийг хорив гэнэ
Тэнгэрийн судрыг газарт буулгаж
Тэнгэрийг цаазыг жаяг болгон мөрлөхийг даалгав гэнэ

Тэнгэрийн цаазат Их Засаглалыг тогтов
Тэнгэр өөд тэмүүлэх үрс нь засагтай болов
Боулхай сэтгэлт үрс нь
Эх дэлхийн хамгаалагч эрлэг лугаа учирахаар болов гэнэ

Галав юүлэхийн оронд наслах насыг тоолож эхлэв
Цаг нь ирхээр үрсээ дэнслэж зөв бурууг ялгахаар болов
Оул биетний тархийг залахаар эрдэм оюуныг буулгаж эхлэв
Ариун сүүн эсээр сэрж хорвоогийн үнэнээс, жаягын хатуугаас
Эрдэмийг олж гэгээрлийг зоригдол болгохыг даалгав гэнэ.

Оул биеийн байр нь орчлонд удаан амьдарахыг хүссэнгүй
Олж таниж мэдсэнээрээ тэнгэрлүү одохыг хүсэх болов
Өтүгэн цаг нь гэгээрэлээр дүүрч дэмч үрсүүд төрж эхлэв
Мод, яс, чулуун дээр нь бичээсийг үлдээсэн ч
Улирах цагийн аясыг даахгүйн учир
Ураг удам махан биеийг байрыг ашиглаж
Ухааныг удамшуулах аргыг олов гэнэ
Амжилт бүрийг удамших аргыг суулгасан бие нь
Мон тобэ бодис бөгөөд энэ нь хөх толбо болон
Төрүүлсэн үрийнх нь амин оршихуйд тодруулав гэнэ.


Нэгэн алтан

Ураг

Тэнгэр эцгийн эргэх цаг дор
Тэнхээт үр нь Хас Хах ёл ууландаа гарав гэнэ
Орчлонгийн үнэнийг таниж мэдэхээр
Оюун ухааны оргилыг олохоор тэмтэрч мэтгэрч хүрэв гэнэ
Оргил өөд өгсөх замдаа эрлэг эцэгтэй тулав гэнэ
Хамаг бие нь шархирч халуун цус нь буцлав гэнэ
Омог бардам сэтгэл нь огшиж бууж буцлав гэнэ
Хилэн омог нь бадарч бууж үзэв гэнэ
Хилэн омгоо барих аргаа тэр олов гэнэ
Амьтай бүрийг хайрлаж хилэн омгоо дарав гэнэ
Шархиран өвдөх биеээ шимийн идээгээр тэтгэв гэнэ
Шимт мандалын хэмийг олж мэдэж танив гэнэ
Омог бардам сэтгэлийн олиггүй бүгдийг олов гэнэ
Орчлонгийн үнэнийг таниж бардамнах сэтгэлийг дарав гэнэ

Цааш өгсөх замд их устай дайрав гэнэ
Явах замыг хаасан коксү оджү нуурыг давах болов гэнэ
Харлаг лусын үнэнийг тайлж
Биеээр гүйх усыг мэдрэв
Таван мах бодийн үнэнийг олж
Махан биеээ мод дүртэн болгож
Их нуурыг давав гэнэ.

Аадар бороо, аянга цахилгаантай дайрав
Үер болж догшин урсгал замыг сэтлэв гэнэ
Жихүүн салхи биеийг нэвт үлээж
Хамаг бие нь дагжин чичрэв гэнэ

Хад чулуут ууландаа хавцал нөмрийг олон
Алтан шаргал нарыг хүсэх нь
Амин чанарын нар байсныг мэдэв
Махан биеийг бүтээхэд гал улаан лууны амин эрчим буйг олов
Жихүүн биенээс галыг олон хайраар дүүргэн гал болов гэнэ

Алтан шаргал нарыг магтан
Аадрын үүлийг ч бүлээн болгов гэнэ
Дошгин хар үүлс зөөлрөлч
Алтан шаргал наран гарав
Үерлэн урсах уулын боргио
Хөрсөн доогуур шурган одов гэнэ

Оргил өөд тэмүүлэх сэтгэл нь
Шуналаас салан цааш хөдлөв гэнэ
Асгат оргилыг өгсөх бүр
Шимт өвс нь үгүй болно
Шүлсээрээ ундалж
Шүдний махаараа хоололсоор
Махан бие нь сөхрөв гэнэ

Эх дэлхийн амин эрчим нь шимт мандал болохыг танив
Энэхэн бие нь эх дэлхийн нэгэн сүнстэйг олж мэдэв
Дэлхий эжийгээ хайрлан сүслэж
Шимт ургамалыг үгүйлэн хайрлав
Дэлхий эжийн хайрыг мэдэрч
Сүүн эхийг биенээсээ олов гэнэ
Хөрсөн дээрээ өнхөрч л байвал
Сүүн эхтэй болхыг танив (Сүнс) гэнэ.

Махан биеийн хүслийг дарж тэтгээд
Явах замын зорилгыг чиглээд одов гэнэ

Явах замыг төөрүүлэн
Харагдах замыг замхаруулан
Манан татаж будилуулав гэнэ
Будилсан замаар ийш тийш
Хэмгүй алхлан мухардав гэнэ

Мухар замын төгсгөлд ажин суув
Одох замаа олохоор сэтгэв гэнэ
Өнгөрсөн туулснаа дэнсэлж нэг үзэв гэнэ
Өөдөө уруугаа орсноо эргэж нэг санав гэнэ
Алдсан алдаа бүрээ олов гэнэ
Шунасан хүслээ нээв гэнэ
Оргил өөд одох хүсэл нь
Онгирон гайхуулахаас өөр хэмгүйг байсныг мэдэв гэнэ

Олон олон замын олиггүй байсныг санав
Орчлон хорвоогийн үнэнээр явбал
Оргилд хүрэх зам нь мөн болохыг олов гэнэ
Оюун бодол нь цэгцэрч гэнэ
Одох замаа олов гэнэ
Ухаанаар замаа заав гэнэ
Уулын мананг давав гэнэ

Мөнх цаст оргилын цасан цагаан даваанд хүрэв
Мөлгөр цасны мандал дээр
Хоёр хөл нь цуцав гэнэ
Махан бие нь хүнддэв гэнэ
Оргилийн бараа хол санагдав гэнэ

Махан биеээ хөнгөлөхийг хүсэвч
Шороогоор бүтээгдсэнд хүнд байв
Тэнгэрт нисэх жигүүртэнд атаархав
Хурмастын жигүүртэн ажин суув
Хүсэл зорилгоо орхихыг хүссэнгүй
Наран сарнаас эрчимийг хурааж
Сүүн эхээ сэрээв гэнэ
Мэдсэн бүгдээ тунгаав гэнэ
Мэдээгүйгээ олж танив гэнэ

Гэвч ганц зүйл дутуу байв
Олон ардыг мунхаруулж явсан
Олиггүй санаа нь хүнд байв
Оргилын хол давааг давахад
Хүнд санаа нь бэрх байв гэнэ

Түмэн олон ардууд нь
Түүний л бяцхан үрсүүд билээ
Тэнтэр тунтар алхалаж
Тэнэж дэмий одохдоо
Тэнгэрийг таниж мэдэлгүй
Тэнхээ мэдэн орилсноо санав гэнэ

Нүүрээ буруулан зугтах гэвч
Энэхэн биений үнэн тэр билээ
Махан биеээ орхих байвч
Оюун тархи нь үргэлж хамт
Бодох сэтгэх нь буруу бол
Бугшмал болон хөөрөх нь үгүй ажээ

Мунхаг явснаа танив гэнэ
Тэнгэрээс өршөөл эрэв гэнэ
Түмэн ардаа засна гэж
Тэнгэртээ андгайгаа өргөв гэнэ
Таниж мэдсэн үнэн бүхэнд
Нийцэж амьдарна гэдэг
Тэнгэрийн зарилгат хууль болохыг танив гэнэ

Орон зайндаа эзэн сууж
Орчих ирээдүйг засна гэдэг
Орчлонгийн үнэн болохыг танив гэнэ
Мөрлөх нэгэн үнэнийг таниад
Дээд тэнгэртээ андгайгаа өргөв гэнэ
Түм түмэн жилдээ орчлонгийн үнэнээр
Түмэн олноо жаяглаж явах нь
Түүний нэгэн хариуцлага болов гэнэ

Орчих цагийн хязгаарыг таниад
Орон зайндаа эзэн суув гэнэ
Мөнх хөх тэнгэрийн ивээлээр
Мөлгөр цасыг давах хүч ирэв гэнэ
Мөнхийн орших агаарыг таниж
Хийн  хүчийг хураав гэнэ

Уулын жихүүн салхийг аргадаж
Уулын салхийг хөлөглөж сурав
Мөлгөр цасан оргил өөд хүрэхэд
Уулын салхи дэм болов гэнэ

Мөнх цаст уулын оргил дээр нь хүрэв
Мөрөөдөж хүлээсэн бүхэн нь үгүй байхыг үзэв
Эх дэлхийн уужим орчих ирээдүйн үнэнээс өөр
Олигтой мэдсэн зүйл үгүй байв гэнэ
Тэнгэр эцгийг ирэхийг тэндээ суун хүлээв гэнэ
Өдөр хоногийг тоолон байж
Наран саран одон гураваас өөр хэлэлцэх амьгүй
Хий тоос чийг гурваас өөр хооллох хүнсгүй
Арга билэг амин гурваас өөр эргэх амьгүй
Өнгөрсөн одоо ирээдүй гурван цагаас өөр цаг үгүй болов гэнэ

Эх дэлхийн хөрсөн дээр хэн болохоо асуув гэнэ
Эргэлдэх энэ амьдрал дунд хаагуур явахаа асуув гэнэ
Мэдсэн бүхэн нь хоосон болж огт оргуй болохыг танив гэнэ
Эдтэй шидтэйгээрээ бусдад гайхуулж явсан нь шившиг байв
Эргэх орчлонгийн үнэн нь эгэл гурван үнэн байв

Тэнгэрийн гурван эрдэнэ нь наран саран одон байв
Газрын гурван эрдэнэ нь гал ус шороо байв
Оюуны үнэнийг олсон гэж тархи нь сэтгэсэн худал байв
Орчлонгийн үнэн нь торлог болон оршдогыг олов гэнэ
Наран саран одны амь бүртэй хүүрнэв гэнэ
Хөрстөд орших хүслээ орхиж
Тэнгэрт гарахыг хүсэв гэнэ
Хүний орчлон харанхуй санагдаж
Гэгээрэл рүү тэмүүлж эхлэв гэнэ

Махан биеийг орхиж хүслээ дагаад одоё гэтэл
Тэнгэр эцэг залран бууж
Тэр л хүслийг нь дарав гэнэ

Тэнгэртээ өргөсөн андгайгаа умартав уу
Тэрслүү бүгдийг засахаас зугтах нь уу
Хийсэн бүх алдаагаа яана гээв
Тэнгэрийн цаазыг давж гарна гэв үү гээд

Зовлонт энэ хорвоод үлдээв
Захих сургах сургаалиа буулгав
Шид эдийн үнэнийг таниулав
Тэнгэрийн судрын хайхамшигыг үзүүлэв гэнэ

Эрхэс тэнгэрийн хөдөлөхийг үзүүлж
Энэхэн сүүн эхт сүнсийг нь дагуулан одов
Одот тэнгэрийн үйлийн таниулав
Хөрстийн үрс нь оддынх болохыг танив
Дэлхий эхийн хэвлий нь сүнсийг төрүүлэх эх булаг байв
Түрүүлж ганцаар гэгээрэлд тэмүүлж ирсэнийг нь үнэлэн
Алтан бүсийг олгов гэнэ
Алтан хэлхээ бүрийн нууцыг тайлж
Амин гурван хэлхээ бүрийг
Алдалгүй манаж явахыг захив

Эрдэнийн эх судруудыг
Эгэлхэн биедээ шингээн
Үйлтэй энэ хорвоогийн
Үйл бүртэй тулахаар
Сэтгэл зүрхээ хурцлан
Итгэл зоригоо ирлэн
Их хар нийгэмийн
Бугшсан булхай нарыг дарж
Гэгээрэлт Их улсыг байгуулхаар
Зориг шулуудан буух болов гэнэ
Хүсэл бүр нь зөв тул хүслээр одох эртэй байв

Ганцаар буувал хэмгүйг мэдээд
Ганц биеийг гувантай салгав
Гал ус шороон биесээ салгаж
Нэгэн тархит их цаазат
Гурван биет гурван зүгтээ одов гэнэ

Уулнаас буух замд их лусын эзэнтэй таарав гэнэ
Хэрэг зоригоо таниулаж хийх үйлээ айлдав гэнэ
Их лусын эзэн эрдэнийн биед нь шидийг хүртээв
Их үйлийг бүтээхэд нь эрин цаг бүрд дэмнэхээ амлав

Хад асгат уулын улаан элгэн энгэрт хүрэв
Галын эзэн хүчит луу хүрхрэн хүрхрэн тосов гэнэ
Гай гэмдээ баригдсан үрсийг засахаар
Тэнгэрийн даалгавартай яваагаа таниулав
Галын эзэн хүчит луу галын шидээс хайрлав гэнэ
Галав юүлтэл зөв явбал гайхамшигт шидээр дэмнэхээ амлав гэнэ

Мөнх хөх тэнгэрийн эрхэт
Газрын хоёр хүчний эрчимт
Эх дэлхийн амин сахиул болсоор
Алтан бүсийн эзэн сууж
Ард түмнээ гэгээрэлд хөтлөн
Алтан ургаа хөврүүлсэн түүхтэй билээ.

Эрин цаг бүрд алтан ураг нь
Мөнх тэнгэрийн ивээлээр сэрж
Их хар Ний-гэмийг дарж
Их гүрнийг мандуулдаг учиртай юмсанж.

Уулнаас буув

Сүмэр уулнаас буув
Сүрэл дэрсэлсэн талд хүрэв
Хөрс дэлхийн сайхныг гайхан шагшив
Сүмэр уулсын эзэдтэй хүүрнэв
Тэнгэрийн зарилгыг дагах
Уулын эзэд хүүрнэв гэнэ
Эрхэсийн эрчимээр
Эх дэлхийгээ тэтгэдэг л гэнэ
Алтан хэлхээ утсыг
Алдалгүй манаж суудаг л гэнэ
Амьтай бүрийг тэтгэх
Ариун эрчимийг хураадаг л гэнэ
Арга нь ихэдсэн үед нь
Алив бүгдээ барьдаг л гэнэ

Саваагүй үрсэд нь хатуухан
Сайхан сэтгэлтэнд нь ивээлтэй гэнэ
Сайхан бүрийг бүтээгч гэнэ
Гоо бүрий тэтгэгч гэнэ
Ур ихт эзэд юмсанж
Ургуулж тэтгэхийг хариуцдаг л гэнэ
Урлаж бүтээснээ манадаг л гэнэ

Савдаг эзэдтэй хүүрнэв гэнэ
Хөрстөд бүтээгдсэн маханд суусныг нь
Хааш одох оршихыг нь сахидаг л гэнэ
Хамаг олон адгуустан
Хорхой шавьж бүр нь
Уран савдагын өмч юм гэнэ
Урлаж бүтээсэн нь тэр юм гэнэ
Ухамсарт адгуус бүр нь
Уран савдаг тархинд захирагддаг юм гэнэ
Ухаангүй үрс нь түүнийг
Эзэнгүй мэт сэтгэж
Энд тэндээс нь хороодог л гэнэ
Мулгуу үрсэд хатуурхаж
Тэнгэрийн лүндэг буулгаж
Мулгуурах ухаанд нь мэдэртэл
Шийтгэл юуг нь оноодог л гэнэ
Энэрэл дүүрэн сэтгэлтэн
Эвийлж хайрлах ухамсартан
Эзэн савдагын амь бүрийг
Энэрч асрах аваас
Эзэн савдаг баясаж
Эгэлгүй сайханаа харуулаж
Элдэв сайхнаа гайхуулаж
Элдвээр дайлах дуртай гэнэ

Хөхрөн дуниартах нуурандаа хүрэв
Хөх лусын эзэн сууна гэнэ
Саран эрчимээр тэтгэгддэг л гэнэ
Саран эрчимээ хураадаг л гэнэ
Урсах усаа манадаг л гэнэ
Лусын бүгдийг бүтээдэг л гэнэ
Хөх усандаа оршдог
Махан биет амь бүрийг
Хайрлан энэрч бүтээдэг л гэнэ
Хамаг сайхнаараа уралдаг л гэнэ
Оргин булгих аршаан бүрийг
Шидтэй байлгах үүрэгтэй л гэнэ
Шид бүр нь бүрдсэн
Амь бүрийг тэтгэх булгын усан
Эзэдийг нь харуцан суудаг
Эзэн лус нь юмсанж
Хайралсан бүтээсэн бүрийг нь
Хайрлалгүй гундаах аваас
Хачин их хүчээ үзүүлж
Хар лусдаа хорьж
Тасалсан амь бүрийг нь
Бузралсан булаг бүрийг нь
Өөрийн нь сүнсээр бүтээлгэж
Өрөөл бусад нь тарьсан хор бүрийг
Зовоон байж мэдрүүлэн
Ухаан суутал нь үйлдүүлдэг л гэнэ



Хур усны ноёд
Хамаг дэлхийг ундлагч
Хүч ихт хурмастын эзэдтэй
Хүч сөрөн уулзав гэнэ

Халин хөвөх шувууд
Хөвсөлзөн хувирах үүлс
Хурын бараан үүлс
Хүчит хар салхи
Аядуу намуун салхи
Хүрхрэн гайхуулах дуу
Эл бүгдийг эзэгнэж
Энд тэндгүй үйлээ дүүргэдэг л гэнэ

Хүмүүний сэтгэлийн
Хайр энэрэл, мунхарал, ухаарал бүр нь
Хурмаст тэнгэртээ хүрдэг л гэнэ
Хар санаа ихдэх бүрд
Хийх үйл нь боогдож
Хайран дэлхий нь гандаж
Хамаг олон шаналдаг л гэнэ
Хайр энэрэл бүр нь дэлгэрэх аваас
Хурмаст тэнгэр нь уярч
Хур буулган дэвтэж
Гайхам сайхнаа үзүүлэн
Үүлийг урлаж үг дамнуулж
Сэтгэлийн утсыг хөврүүлж
Гэрэлт сувдаа унагаж
Гэгээ татуулан солонгорож
Хайр бүрийг дүүргэн
Хань бүрийг учируулдаг
Эдтэй шидтэй үйлтэй юмсанж

Хүн сүрэг хижээс нь
Хүсэх нэгэн үйл байна гэнэ
Хар санаа бүрийг дарж хайрал
Хардах сэтгэлийн үзүүрийг
Хайраар дүүргэн засаж хайрал
Хамаг олон тухлаг сайхнаар
Агаар салхиндаа үгээ дамнуулж
Хүсэл бүгдээ илгээх бол
Хүссэн бүгдийг нь хайрална гэв

Хүрэх зорилгыг ажин үзэж
Хүсэл бүрийг дүүргэхийг танин
Хурмастын үйлээр тэтгэнэ гэж
Хурмаст тэнгэр нь амлав гэнэ.

Хүндлэх сэтгэл нь байвч
Хүсэл бүр нь зөв бол
Хүний орчлон амгалан

Хур бороо нь тэгш
Хар салхи нь хол

Урлаж бүтээсэн эзэн савдагын
Ур ухааны үйл бүрийг
Хурмаст нь сүйтгэх гэмгүй болж
Газар тэнгэр нь осолгүй
Гай барцад нь холуур байх
Гайхам хүслийн зүй нь олдов гэнэ.

Уул усны эзэн савдагууд
Уудам талаа чимэн оршино
Уртай амьтай бүрийг тэтгэж
Урагшлах бүхнийг тэтгэнэ
Ухаангүй мунхагын орон
Хүн төрөлт хижүүдэд
Ойлгуулж ухааруулхыг хүсэв гэнэ
Омогших сэтгэлийг хүртээв гэнэ
Олиггүй үрсэд нь ухамсар суулгавал
Их хүслийг гүйцээх
Эрдэм чадлыг өгхөө амлав

Эрдэм чадлын хүч нь
Хүүний аиий учир
Хүссэн хүнд нь хүртээгээд байдаггүй
Их эрхийг олгож буй нь тэр байжээ
Хүн гээч хижийг
Эрхэт эзэнтэй болж
Тэнгэрийн жаягаар жаяглагдах
Тэнүүн хүслийг нь дэмнэв гэнэ
Тэртээх ирээдүйг зөгнөж
Хөрстийн эзэн эрхийг олгов гэнэ

Эрхийн тухайх мунхаглал

Хөрс шороохон дээрээ
Хүн төрлийг олоогүй ч
Хүний ертөнцэй хамтдаа орших
Хий дүрт бүрийн орон зайг ойлгосон
Эзэн хариуцагчтай байдгыг
Эгэлхэн махан биенийхээ
Тархи оюунд хурааж чадсан
Алтан бүсийн эзэн
Алтан ургын эхэн
Алтан аргамжыг бүтээгч
Анхны гэгээрч тольдоч нь
Хүмүүн сүргийн тархитан нь болж
Анхны эзэн эрхийг олсон түүхтэй билээ.

Хүмүүн хэмээгч сүрэг нь
Хижий боловсролтой
Алтайн мангадай нар байхад
Анхны гэгээнтэн тэдний
Арсайх отогт бууж
Авиргүйг аргадаж
Тавьтаргүйг тайтгаруулж
Хүслийн зүйг залж
Хүн сүрэг гэгээрч эхэлж гэнэ

Анхны судар бүтэж гэнэ
Хижи боловсорлыг ойлгон мэдэж
Тоонот тархинд тэмүүлж эхлэв гэнэ
Тоонот тархийг олсон
Огоул биетүүд нь
Эзэн эрхийг нь
Анхны дэмчид өгөв гэнэ
Алтан бүсийн эзэн болхыг нь танив гэнэ

Алтан бүсийн эзэнээ
Анхны отгын эзэн болгов гэнэ
Энэрэх сэтгэлийн үзүүр
Талархах сэтгэлийн хэмжүүр
Таатай бүгдийг барив гэнэ
Хүсэл бүхнийг нь дээдлэв гэнэ
Хүн сүргийг нь захируулав гэнэ
Хаан хэмээж өргөв гэнэ
Халамжлан хайрлаж явхыг
Үеийн үедээ захив гэнэ
Алтан ургыг нь дээдлэв гэнэ

Угсаа залгасан хаадууд төрөв
Хүндлэх сэтгэл нь жаяг болов
Талархах сэтгэл нь зан болов гэнэ
Хүслийг дээдлэх нь зарилаг болов гэнэ
Хаан болхыг хүсдэг болов гэнэ

Хаан суудалд суухыг хүсэх нь
Хамаг бүгдээс дээгүүр мэт сэтгэв
Хамгын хаан болхыг хүсэн мулгуурав
Мулгуу үрсүүд тасран одож
Мугулюу улсыг байгуулав гэнэ
Мунхагын гайг таниагүй гэгээнтэн
Мулгуугын хүслийг дараагүй хаан
Элбэгийн дээдийг эдэлхийг хүсэгч
Энэхэн хорвоогийн хаан гэж
Энэ бие ээ өргөв гэнэ
Эзэн эрхийг өөртөө олгож
Эгэл ардаа мунхагын гайд хөтлөв гэнэ
Эргэх цагын гайгаар
Эгэл ардууд хижи болов
Эрдэм мэдлэг бүр нь
Хижи боловсорлоос хэтэрсэнгүй

Хүмүүний сэтгэлийн байр нь
Анхны амь бүрийн хүслийн зүйтэй билээ
Анхаарч залаж явахгүй бол
Арга мэхэнд унаж
Авир ихт эзэн эрхийг хүсдэг болж гэнэ
Хүслийн зүй нь шунал төдийхнөөс давсангүй
Эдлэх эрх нь хүн сүрэгтээ
Эзэн суухаас өөр хэтэрсэнгүй.

Эргэх хорвоо нараа гийж
Эрднийн элчээ илгээв гэнэ
Энэхэн хорвоод тэнгэр эцэг эргэж
Алтан ургаа босгов гэнэ
Эзэн эрхийн угсаа
Эгэлгүй сүнсний эзэд
Эргэлдэх хорвоод буув гэнэ
Анхны дэмчийн олсон мэдлэг
Ухсан ухаарал арга эв
Судалсан судар сургасан үгс бүр
Сүүн эсэнд нь шингээстэй
Хүүний аий эрх нь
Мянга мянган жилдээ эдлээстэй
Хүслийн зүй нь оночтой
Хөх толбот үрс байлаа

Хаан тэнгэртэн босов гэнэ
Хамаг олноо залав гэнэ
Эрхийн тухайх мунхаглалыг
Энэ л цагтаа олж таниж
Эрднийн судартаа буулгав гэнэ.
Алтан ургын үрс нь

Өвөг дээдсийн урсгасан цус
Олсон амжилт бүр нь
Яс, мах, цус, хөх толбонд нь
Амин эрчим, тархи оюунд нь
Хөрстөд унаж бойжих цагаас нь
Бугшмал хэцүүгийн
Таван зуун тавин таван шалтгааныг
Таниулж мэдүүлж туулуулж байж
Олсон амжилт ухаарал бүрийг
Оюун бодолд нь сийлэн байж
Орчих ирээдүйг эрдмээр тайлуулж
Орчлон хорвоогийн үнэнийг таниулж байж
Олон үрсээ хүмүүжүүлж
Олиггүйг нь хатуухан шийтгэж
Оюунтайд нь эрдэм, шид, эрхийг
Оюун бодлын чагтыг нь тайлаж байж
Хүртэх үрд нь хүртээн байж
Алтан ургын үрс өсдөг билээ.

Анхны дэмч өвгөн аав
Алтан бүсийн эзэн
Алтан ургын эхэн
Хаад хаадын дээд хаан
Эзэн эрхэт тэнгэр эцэг
Ивээлээ хайрлан эргэх бүрдээ
Алтан ургын бүхий л үрсээ
Алагчилалгүй сориж шалгаж
Дэмтэй сэтгэлтэйд нь ухаан хайрлаж
Хүчтэй зоригтойд нь шид хайрлаж
Уран ухаантайд нь хайрыг илгээж
Өөрийн туулсан замыг туулуулж
Өөрийн олсон ухааныг
Удаах үрдээ дамнуулахдаа
Улаачлах үрийн тархиар нь
Ухуулан бодуулан сэтгүүлэн байж
Учир загилааг тайлах бүрд нь
Урам хайрлан шид хүртээдэг билээ.

Олон олон сорил
Олон олон шалгуурыг
Оночтой давж чадсан үр нь
Ухаанаараа цоо ил гаран
Урдах амьдарлаа тольдон
Ураг удмаа залан
Ургын хэлхээг залган

Улс гүрнээ мандуулдаг учигтай.

Өртөөлөн улаалсан улаач миний бодол

Өндөр дээд буурлуудынхаа үнэт сургаалийг тогтоож үдээж дийлдэггүй мулгуу улаач болохоор айлдсан сургааль бүрийг нь бичиж тэмдэглэж үлдээхийг хичээдэг билээ. Олон олон гайхамшигтай өндөр дээд буурлууд байдаг ч бүгд ижил шидгүй, бүгд адил эрдэмгүйг санаад өөрийн өвгөдийн шидийг дээдлэн суралцаж бусдын чаддагт атаархалгүй явахыг бусад олон улаач нартаа ахин дахин хэлмээр байна. Атаархал, шунал, бардамнал гуравт автвал ирэх их эрдмийг харалгүй өнгөрөөдөг. Хөх толбот улаач үр бүр дээд тэнгэрийн үр болхоор таниж хийх үйлдээ бардалгүй үнэн мөнийг олох гэж хичээ. Бид эрт цаглуу ахиж одох бүрд нэг л эцэг өвгөдийн үр л байдаг. Уулнаас бууж эрдмийг түгээсэн өвгөн буурал аавыгаа өмчилж мулгууралгүй эрдэм бүрийг нь суралцахыг хичээвэл гэгээрэл рүү тэмүүлсэн үр бүр дээр буудгыг санаарай.  Учир явдалын зангилаа бүр цааш үргэлжилэх  бөгөөд мулгуу улаач миний залхуу хойрог зан татаад цаг хугацаанд нь үйлийг нь дүүргэлгүй өдийг хүртэл уясан буруутан билээ.
Замбын үйл амьдарлаа урьтал болгоод, залхуугаар заяагаа мануулсан, увиагүй авирт, хүн төрлөөсөө  салж чадаагүй минь үнэн амьдрал минь болоод байгаад ичиж байна.
Ухаантай олон улаач нар байна, үйлэндээ шамддаг залхуугүй улаач нар байна, эрдэм оюунаараа ялгарсан сайхан улаач нар ч байна, шид бүхэн дүүрсэн хүчирхэг улаач нар ч байна та бүгд минь үнэнийг олоод явбал мухардах замаасаа гарч зөвхөн зөв замдаа орох болно.

Өнгөрсөн бүхнийг минь сөхөн харвал гайхуулаад тавьчихмаар түүх байхгүй. Өргөөд үзүүлчих диплом байхгүй. Ханилаад суусан хань ч байхгүй. Энхрийлээд тэврэх үр нь ч үгүй болсон. Ийм л хатуу шийтгэлийг хүртэж байж өвгөдөө таниж ойлгож эхлэв. Бяцхан амьдрах энэ хорвоо дээр галав юүлэв ч юүлэг гээд суух хэнэггүй нэгэн болжээ. Гайхамшигийг бүтээсэн өндөр дээд буурлуудтай ч улаач үр надаар тэднийг минь битгий дүгнээрэй. Мулгуу мангуугаа эртхэн зарлаж засах гэж ядарч яваа гэдгийг минь ойлгоорой.





























0 сэтгэгдэлтэй:

Post a Comment